Хамтын ажиллагаа
Гурван талт хамтын ажиллагаа:
Монгол Улсын ингэний сүүний салбарыг стратегийн түвшинд тогтвортой хөгжүүлэх зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлд талууд хамтран ажиллана. Үүнд:
- Ингэний сүүний шим тэжээллэг чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах.
- Ингэний сүүний нөөцийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, нийлүүлэлтийн болон үнэ цэнийн сүлжээг тогтвортой хөгжүүлэх.
- Тэмээний аж ахуйг уламжлалт болон хагас эрчимжсэн нөхцөлд хослуулан хөгжүүлж, сүргийн эрүүл мэндийг хамгаалах.
- Говийн бүс нутгийн бэлчээрийг хамгаалах, тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих, өндөр ашиг шимт тэмээний үүлдрийг хөгжүүлэх, үржүүлэх зэргээр ингэний сүүний гарцыг нэмэгдүүлэх урт хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх.
- Орон нутагт ингэний сүү боловсруулах үйлдвэр, цехийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих.
- Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний стандартыг хамтран боловсруулах.
- “Дэлхийн сүүний өдөр”, “Намрын ногоон өдрүүд” зэрэг тэмдэглэлт арга хэмжээнд ингэний сүүний кластерт оролцогч сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг оролцуулах.
- Ингэний сүүний кластерт оролцогч талуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээнд тогтмол хамруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх.
- Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг дэмжиж, тэмээний аж ахуй, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар хийгдсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх.
- Хос бөхт тэмээний онцлог, Монгол Улсын ингэний сүүн бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх, олон улсын зах зээлд таниулахад дэмжлэг үзүүлэх.
- Монгол Улсын худалдааны түнш орнуудтай байгуулсан болон цаашид шинээр байгуулах гэрээ хэлэлцээр болон мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагын тухай протоколд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний асуудлыг тусгах, экспортлох нөхцөлийг бүрдүүлэх.
- Тэмээний аж ахуй, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт олон улсын төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх.
Төслийн хамтын ажиллагаа:
Монгол Улсын худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох нөхцөл, боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой “Олон улсын худалдааг дэмжих” төсөл Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байна. Энэ төслөөс Монголын ингэний сүүний кластерыг байгуулах ажилд туслалцаа үзүүлж, идэвхтэй хамтран ажилласан билээ. Монголын ингэний сүүний кластерийн УЗ-ийн гишүүн Б.Батбаатар, кластерын гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар дээрх төслийн зөвлөх Карл Круг, мэргэжилтэн Цэрэндэжид нартай уулзаж, хамтын ажиллагааны ойрын төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Тус төслийн шууд дэмжлэгээр Монгол Улсын ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний “Үлдэгдлийг хянах хөтөлбөр”-ийг боловсруулж, Европын зах зээлд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлох урьдчилсан нөхцөл, техникийн боломжийг бүрдүүлнэ.