Ингэний сүү нь шим тэжээллэг онцгой шинж чанартай. Дэлхийн олон улс оронд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг зөвхөн хоол хүнснээс гадна эмчилгээ, гоо сайхны чиглэлд түлхүү ашиглаж байна. Ази тивийн сүүний түншлэлийн 2022 оны олон улсын хэлэлцүүлэгт оролцсон Энэтхэгийн тэмээ судлалын төвийн захирал, доктор Сахүү Артабандха “ингэний сүү сүүн бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх нь чихрийн шижин, астма, харшил, сүрьеэ, шарлалт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй” талаар онцолж байв.
Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Европын Холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтарсан “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Европын Холбооны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл болон бусад мэдлэгийн түншүүдтэй хамтран Монголын ингэний сүүний кластерыг байгуулах цуврал уулзалт, семинарыг 2022-2024 онд зохион байгуулж, Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах зөвшилцөл, олон талын оролцоог хангав.
НҮБ-ээс зарласан Олон улсын тэмээний жилийн хүрээнд 2024 оны 10 дугаар 04-ний өдөр Монголын ингэний сүүний кластерыг албан ёсоор байгуулав. Кластерын удирдах зөвлөлд “ТЭСО” ХХК, “Сүү” ХК, “Солид партнерс групп” ХХК, “Ингэн тагш” ХХК, “Монгол Бактриан” нийгэмлэг, Монгол Улсын их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Дундговь аймгийн тэмээчин, НҮБ-ын ХХААБ-ын үндэсний зөвлөх болон Ази тивийн сүүний түншлэлийн төлөөлөл багтаж, хамтран ажиллаж байна.
Монгол Улсын ингэний сүүний салбарыг стратегийн түвшинд тогтвортой хөгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency