Дэлхийн тэмээний өдрийг анх удаа тэмдэглэв

ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛСЫН ХОС БӨХТ ТЭМЭЭ – ХӨГЖЛИЙН БОЛОМЖ, СТРАТЕГИ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Жил бүрийн 6 дугаар сарын 22-нд Дэлхийн тэмээний өдөр тохиодог. Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэх хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсын хос бөхт тэмээ – хөгжлийн боломж, стратеги” зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 2023 оны 6 дугаар сарын 22-нд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлэв.

Тус зөвлөлдөх уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явууллаа. Зөвлөлдөх уулзалтад ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Төрөөс тэмээний аж ахуйн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр, Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Бүс нутгийн тэмээний аж ахуй, Монгол Улсын боломж, санаачилга” сэдвээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа зорилтот төслийн арга хэмжээ” сэдвээр, “Монгол бактриан” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам “Ингэний сүүний хүний эрүүл мэндийн ач холбогдол” сэдвээр, “ТЭСО” группын Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Эрдэнэбаяр “Ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, тулгамдсан асуудал” сэдвээр, “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ-ын захирал Д.Хишигбаяр Баянхонгор аймагт “Ингэний аж ахуй, сүү боловсруулах үйлдвэр байгуулах” цогц төслийн хэрэгжилтийн явц сэдвээр, Монголын ноос ноолуурын холбооны албаны дарга Ц.Туяа “Тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэл – цаашдын зорилт” сэдвээр, “Тэмээн соёл” холбооны тэргүүн Д.Эрдэнэтуяа “Тэмээн соёл” сэдвээр, Монголын тэмээн соёл, уралдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунсанаа “Тэмээн уралдаан ба аялал жуулчлал” сэдвээр, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ “Тэмээний төрөлжсөн эмнэлэг, тэмээ судлалын төв байгуулах санаачилга” сэдвээр илтгэж мэдээлэл, танилцуулга хийлээ.

Зөвлөлдөх уулзалтад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Зөвлөлдөх уулзалтын үеэр ТЭСО групп, Монгол тэкстайл, Сор кашмир, Санширо, Кашмир холдингс, Снөү филд, Ханбогд зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн ингэний сүүн болон тэмээний ноосон бүтээгдэхүүний дээж үзэсгэлэнг гаргалаа.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Монгол Улс дэлхийн хос бөхт тэмээний гал голомт гэдгийг онцлон, тэмээн соёл, уламжлалыг үнэ цэнэтэй хадгалах, тэмээг өсгөн үржүүлэх, тэмээний аж ахуй, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох эрх зүй, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах шаардлагыг стратегийн зорилт болгон, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв. Тухайлбал,  ингэний сүү болон ботго, торомны ноос үйлдвэрлэл нь харилцан нэгнээ дэмжсэн, хавсарсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стратеги болохыг онцолж, Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах санал санаачилгыг талархан дэмжив.

 

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency