“ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ – БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төслийн хүрээнд Оюуны өмчийн газартай хамтран “Газар зүйн заалт – Бүс нутгийн хөгжил” сэдэвт сургалт  2026 оны 9 сарын 17-18 нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулагдаж байна.
Сургалтаар газар зүйн заалтын эрх зүйн зохицуулалт, үндсэн тогтолцоо, олон улсын чиг хандлага, бүс нутгийн онцлог бүтээгдэхүүнийг газар зүйн заалтаар хамгаалах, хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд таниулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох юм.
Газар зүйн заалт гэдэг нь тодорхой газар нутагтай холбоотой бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, онцлог шинжийг хамгаалдаг оюуны өмчийн эрх юм. Энэ нь тухайн бүс нутгийн онцлог бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахын зэрэгцээ үндэсний өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, бүтээгдэхүүний брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Говийн бүс нутгийн байгаль, газар зүйн онцлог, уламжлалт үйлдвэрлэл, мал аж ахуй, хүнс, гар урлал болон бусад өвөрмөц бүтээгдэхүүнийг оюуны өмчийн хамгаалалтад хамруулж, стандарт, чанарын шаардлагыг бий болгон, брэнд болгон хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийн төрөлжилт, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм. Тус сургалтанд Монголын ингэний сүүний кластер ТББ оролцож “Говийн бүсийн ингэний сүүг газарзүйн заалтаар хамгаалах боломж” сэдвээр илтгэлээ танилцууллаа. Бүс нутгийн онцлог болсон ингэний сүүн бүтээгдэхүүнийг газарзүйн заалтад хамруулснаар
* Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих;
* Бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг баталгаажуулах;
* Хуурамч, дуураймал бүтээгдэхүүнээс хамгаалах;
* Бүс нутгийн онцлог бүтээгдэхүүний үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
* Гадаад зах зээлд сурталчлах, экспортлох боломжийг өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency