МОНГОЛЫН ИНГЭНИЙ СҮҮНИЙ КЛАСТЕР МОНГОЛЫН ЭКСПОРТЫН КЛАСТЕРЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ АЛБАН ЁСНЫ ГИШҮҮН БОЛЛОО

Монголын ингэний сүүний кластер ТББ нь Монголын Экспортын Кластерын Нэгдсэн Сүлжээ – Mongolian Export Cluster Network (MECN)-ний 2026.08.21 (Баасан гараг) өдрийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийн 100%  саналаар албан ёсны гишүүнээр нэгдлээ.

Энэ нь Монголын ингэний сүүний салбарыг нэгдсэн кластерын тогтолцоогоор хөгжүүлэх, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд Монголын ингэний сүүн бүтээгдэхүүнийг таниулах чиглэлд хийж буй чухал алхам болж байна.

MECN нь Монгол Улсын экспортын кластеруудыг нэгтгэн, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих үндэсний хэмжээний кластерын сүлжээ юм.

🐪 Монголын ингэний сүүний кластер нь цаашид MECN-ийн гишүүн кластеруудтай хамтран:

• Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх
• Олон улсын зах зээлд нийцсэн чанар, стандарт, баталгаажуулалтыг хөгжүүлэх
• Судалгаа, инновацид суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх
• Монголын ингэний сүүний брэнд, үнэ цэнийг олон улсад сурталчлах
• Гадаадын худалдан авагч, хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Монголын бусад экспортын кластеруудтай мэдлэг, туршлага хуваалцаж, хамтын экспортын боломжийг бий болгох

чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Ингэний сүү нь Монголын уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл, говийн бүс нутгийн эдийн засагтай салшгүй холбоотой бөгөөд цаашид судалгаа, инноваци, технологи, стандарт, экспортын нэгдсэн бодлогоор дамжуулан дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн хөгжүүлэх өндөр боломжтой салбар юм.

Түүнчлэн 2026 оны 6 дугаар сард Монголын ингэний сүүний кластер, Монголын Экспортын Кластерын Нэгдсэн Сүлжээ болон Европын Холбооны “Олон улсын худалдааг дэмжих” төсөлтэй хамтран “Монголын тэмээний эдийн засаг” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан нь энэхүү хамтын ажиллагааны суурь улам бүр бэхжиж байгааг харуулж байна.

🌏 Монголын ингэний сүүний кластерын хувьд MECN-ийн албан ёсны гишүүн болсон нь зөвхөн гишүүнчлэл бус, Монголын ингэний сүүг үндэсний хэмжээнд нэгтгэн хөгжүүлж, “Made in Mongolia” үнэ цэнийг олон улсын зах зээлд хүргэх шинэ боломжийн эхлэл юм.

Хамтдаа – Монголын ингэний сүүг дэлхийн зах зээлд! 🐪🥛🌏

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency