Ингэний сүүн шинэ бүтээгдэхүүний туршилт, судалгааны явцын хэлэлцүүлэг боллоо.
Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Монголын ингэний сүүний кластер, МУИС-ийн шинжлэх ухаан, технологийн “Улаанбаатар” парк, “Сүү” ХК хамтран Ингэний сүүний шинэ бүтээгдэхүүний туршилт, судалгаа хөгжлийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Дэлхийн сүүний өдрийг угтан тус төслийн явц, ингэний сүүн шинэ бүтээгдэхүүний туршилт, судалгааны талаарх эхний хэлэлцүүлэг 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн шинжлэх ухаан, технологийн “Улаанбаатар” паркийн 302 тоот танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Монголын ингэний сүүний кластер, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, “Улаанбаатар” парк, “Сүү” ХК, ШУТИС-ийн дэргэдэх Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, “Тана лаб” ХХК Загварчлал сэтгэлгээний лаборатори болон ЕХ-ны Худалдааг дэмжих төслийн багийн төлөөлөл идэвхтэй оролцлоо.
Хэлэлцүүлгээр төслийн хүрээнд туршилт, судалгаа, хөгжүүлэлт хийгдэж байгаа ингэний сүүн 3 шинэ бүтээгдэхүүний онцлог, судалгааны явц, эхний үр дүн, бүтээгдэхүүний шинэлэг тал, үнэ цэнэ шингээх ач холбогдол, цаашдын төлөв, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад ингэний сүүний шим тэжээллэг, үнэт чанарыг хадгалах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сонголт, чиг хандлагыг харгалзан үзэх, ховор нөөцийг үр дүнтэй ашиглах, үнэ цэнийн сүлжээгээр цогцоор харахын чухлыг оролцогчид онцолж байлаа. Ялангуяа дэлхийд 42 сая тэмээ байгаагаас 1 сая гаруйхан нь хос бөхтэй, тэдгээрийн 50 орчим хувь нь Монгол Улсад байгаа тул ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой байна.
Мөн Монгол Улс ингэний сүүгээр хүнсний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт судалгааны зэрэгцээ гоо сайхан, эм бэлдмэл үйлдвэрлэх, экспортлох боломж, арга зам байгааг олон улсын төслийн мэргэжилтэн хэлж байлаа.
Дараагийн арга хэмжээг 6-р сарын 22-нд Дэлхийн тэмээний өдрийг тэмдэглэх хүрээнд зохион байгуулахаар тогтлоо.