Жил бүрийн 6 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн тэмээний өдөр тохиодог. Дэлхийн тэмээний өдөрт зориулан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Европын Холбооны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ингэний сүүний кластер, Монголын экспортын кластерын сүлжээтэй хамтран “Монголын тэмээний эдийн засаг” зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөлдөх уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Л.Чой-Иш, “Олон улсын худалдааг дэмжих” төслийн зөвлөх Карл Круг нар үг хэллээ.
Уулзалтаар Монгол Улсын тэмээний салбарт дагнан ажиллаж байгаа мэргэжлийн судлаач эрдэмтэд, салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, тэмээний салбарыг эдийн засагжуулах боломж, тулгамдсан бэрхшээл, сорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө. Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын тэмээн соёл, спорт, уралдааны холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж хүрэлцэн ирж баяр хүргэсэн.
Зөвлөлдөх уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн чиглүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч, доктор Ц.Мөнхнасан “Төрөөс тэмээний салбарт баримтлах бодлого, арга хэмжээ” сэдвээр, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор, профессор П.Ням-Осор “Монгол тэмээний эдийн засгийн ач холбогдол” сэдвээр, Монголын ингэний сүүний кластерийн гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам “Ингэний сүү – нөөц боломж, хөгжлийн цаашдын төлөв” сэдвээр, “InGen” ХХК-ийн захирал Ц.Сүрэнцэцэг “Хос бөхт тэмээний ашиг шим ба ингэний сүүний биологийн идэвхт нэгдлээр хүнс, эрүүл мэнд, гоо сайхны салбарт инноваци шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх нь” сэдвээр, тэмээний ноосны үндэсний эксперт, доктор В.Болормаа “Тэмээний ноос – нөөц боломж, хөгжлийн цаашдын төлөв” сэдвээр, Худалдаа хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дарга, UN COP17 Business4Land Зөвлөх хорооны дарга Рандолф Коппа “Ногоон шилжилт ба Монгол тэмээний эдийн засаг” сэдвээр, “Олон улсын худалдааг дэмжих” төслийн зөвлөх Карл Круг “Тэмээний эдийн засаг ба олон улсын боломжууд, төслийн дэмжлэг” сэдвээр, “Монголын экспортын кластерын сүлжээ” ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Ариунгоо “Тэмээний эдийн засгийн хөгжлийг хурдасгах хөшүүрэг болох инновацийн кластер ба хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
Дэлхийн хос бөхт тэмээний өлгий нутаг Монгол Улс тэмээний салбараа стратегийн түвшинд авч үзэх, ингэний сүү, тэмээний ноос, ботго торомны ноос, арьс ширний нөөцийг үр дүнтэй ашиглах, эдийн засгийн эргэлтэд зохистой оруулах, тэмээний салбарыг эдийн засагжуулах, үнэ цэнийн сүлжээгээр цогцоор нь хөгжүүлэх, өртөг үнэ цэнэ шингээх, инноваци нэвтрүүлэх, тэмээний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарын тогтвортой хөгжилд оролцогчдын түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа. Түүнчлэн ингэний сүү, тэмээний ноосноос гадна буурийн бохь, тэмээний бөх, тэмээний махны судалгааг гүнзгийрүүлэх, инноваци хөгжүүлэх, зах зээлд танилцуулах асуудал оролцогчдын анхаарал татаж байв.
Тэмээний эдийн засгийг дэмжиж, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж, дотоодын болон олон улсын зах зээлд гаргаснаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлоос сэргийлж, ногоон шилжилт хийх нөхцөл, боломж дүүрэн байгааг олон улсын эксперт хэлж байлаа.

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency