Ажил хэргийн уулзалт боллоо

Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар, Д.Бямбажав, Б.Цэнд-Аюуш, гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар 2025 оны 12 сарын 17-ны өдөр Монгол Улсын их сургуулийн харьяа Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцаж, тус паркийн ерөнхий менежер, доктор, профессор Н.Өлзийжаргал, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор Б.Туяагэрэл нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар дэлхийд өвөрмөц хос бөхт тэмээний талаарх судалгаа, ингэний сүү, сүүн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, нэмүү өртөг шингээх, технологи хөгжүүлэх, брэнд бүтээх боломж, бүтээгдэхүүн хөгжлийн судалгаа, туршилт, нэвтрүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Далайд гарцгүй, гадаад худалдаанд тээвэр логистикийн асуудал тулгамдсан манай улсын хувьд аль болох овор хэмжээ багатай, нэмүү өртөг, үнэ цэнэ шингэсэн, агаараар тээвэрлэх боломжтой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Тухайлбал, ингэний сүүг зөгийн балаар өтгөрүүлж дотоодын болон олон улсын зах зээлд гаргах боломжтой шинэлэг бүтээгдэхүүн хөгжүүлэх, технологийн туршилт судалгаа хийж болох юм. Энэ чиглэлд судалгааны төслийн санал боловсруулна. Цаашид талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломж, урьдчилсан нөхцөл, хоёр талдаа мэдээлэл солилцохоор тохиролцлоо.

 

 

 

© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency