Монголын ингэний сүүний кластер ТББ-ын гишүүн байгууллагууд Өмнөговь аймагт уламжлал болгон зохион байгуулагддаг “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож, ингэний сүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, салбарын хөгжлийн чиг хандлагыг танилцууллаа.
Тус баярын хүрээнд зохион байгуулагдсан Бизнес форумд салбарын төлөөлөл болсон Монголын ингэний сүүний кластерын ТУЗ-ийн гишүүн Г.Ганхөлөг, Эко Кластер ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганбат, Солид Партнерс Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнд-Аюуш нар оролцож илтгэл тавин, ингэний сүүний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ингэний аж ахуй эрхлэх боломж, өнөөгийн байдал, зах зээлийн боломж, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал бодлоо хуваалцсан юм.
Тодруулбал, Тэсо ХК болон Солид Партнерс Групп ХХК-ийн удирдлагууд ингэний сүүний салбарын тогтвортой хөгжил, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, инновац шингэсэн үйлдвэрлэл, экспортын чадамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
“Түмэн тэмээний баяр” нь Монгол орны говийн бүсийн уламжлалт аж ахуй, соёл, аялал жуулчлалыг сурталчлахын зэрэгцээ тэмээ, ингэний сүүний үнэ цэнийг олон нийтэд таниулах ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд энэ удаагийн оролцоо нь ингэний сүүний салбарын хөгжлийг олон улсын түвшинд гаргах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо.
Цаашид Монголын ингэний сүүний кластер нь гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, судалгаа-шинжилгээ, инновац, экспортын чиглэлд бодит үр дүн бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм.
© 2026. Mongolian Camel Milk Cluster. All rights reserved. Developed by Mind Agency